In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрч байна

01-19 undesnii horooХөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар өмнөх хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ.

 МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлага болох тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл зэрэг асуудлын хүрээнд гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтэд  тэтгэврийн насыг аажмаар буюу жилд гурван сараар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх асуудлыг 2022 он хүртэл хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг ногдуулах жилийн орлогын доод хэмжээг сард гурван сая төгрөг болгон өсгөх, нийгмийн даатгалын шимгтгэлийг хэвээр үлдээхээр тусгасан байна.

МҮЭ-ийн холбооны зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудлыг цаашид УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн улирлын шинж чанартай ажил тухайлбал уул уурхай, барилга, авто замын салбарт ажиллаж буй иргэдийг хувь хүний орлогын албан татварын шатлалаас чөлөөлөх, тэтгэвэрт гарах насаа хувь хүн өөрөө сонгох уян хатан зохицуулалтыг тусгах зэрэг саналууд гарлаа. Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм. Дээрх асуудлаар Засгийн газар ОУВС-тай энэ сарын сүүлчээр хийх хэлэлцээрийн үеэр тохиролцоонд хүрвэл дагалдан гарах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах аж. Ийнхүү МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрч байна.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбоо үр дүн гартал нь тэмцэнэ

01-16 holboonii zuragМҮЭ-ийн холбоо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмэгдүүлсэн шийдвэрийг эрс эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж тухайн асуудлуудыг хэлэлцэн хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. МҮЭ-ийн холбоо үр дүн гартал нь УИХ, Засгийн газрыг шахаж шаардан тэмцэх болно гэдгээ дахин мэдэгдлээ

Write comment (0 Сэтгэгдэл)

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдлаа

01-12 undesnii horooХөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа хороо, зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн хүрээнд “Өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үнэлгээ судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах” талаарх асуудлыг хэлэлцлээ. МҮЭ-ийн холбооны зүгээс тус хорооны хурлаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн шаардлага болох тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмсэн асуудал болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэлэлцэх санал гаргалаа. Дээрх асуудлаар Ажлын хэсэг гаргана энэ сарын 20-ны дотор санал дүгнэлтээ гаргахаар талууд тогтлоо. 

Write comment (0 Сэтгэгдэл)

Татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцэж 10 гаруй мянган хөдөлмөрчид жагслаа

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насны нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардаж 10 гаруй мянган хөдөлмөрчид орон даяар жагслаа.

Жагсаалын үеэр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уул уурхай, төмөр зам, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тэтгэврийн нас, татвар, НД-ын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Тухайлбал, газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид, төмөр замчдын дийлэнх олонхи нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг эрс буруушааж байлаа. Жагсаал, цуглаанд оролцогчид төрийн ордныг нэг удаа гороолж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулж зарим төрлийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрүүд нь нийгмийн бухимдлыг бий болгож ажиллагчдын эсэргүүцэл, тэмцлийг өрнүүлэхэд хүргэж байна.

Иргэд, хөдөлмөрчдөд татварын дарамт бий болгосон, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг зөрчсөн шийдвэрийг эргэн харж өөрчлөх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулсан боловч Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр хойрго хандаж, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахгүй байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж буруушааж байна.

Иймд дараах асуудлуудыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны дотор шуурхай шийдвэрлэж хариу өгөхийг ШААРДАЖ байна. Үүнд:

1.Хувь хүний орлогын татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэж өөрчлөх.

2.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хүчингүй болгох.

jags23.Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг шаардаж байна.

Холбогдох арга хэмжээг нэн яаралтай аваагүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхээ мэдэгдэе.

 

 

МҮЭ-ИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ, ЦУГЛААНД

ОРОЛЦОГЧИД

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна


01-10 solihМонгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн.

Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул  МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон талаараа тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтвортой байлгах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

01-09 uniin zuvlulМонгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  хамтарсан зөвлөл” 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж шатахууны үнийн асуудлыг хэлэлцэв.

Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг бөгөөд гишүүдээр Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, зарим шатахуун имфортлогч компаниудын төлөөлөл нийтдээ 20 хүнээс бүрддэг аж.

Хурлын үеэр шатахуун имфортлогч нар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2017 оны 207, 309 дүгээр тогтоолоор хоёр удаа нэмэгдүүлсэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан автобензин, дизелийн түлшний хилийн үнэ нэмэгдсээр байгаа зэргээс хамаарч алдагдалтай ажиллах болсон. Иймд автобензин, дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэх саналыг тавьж, шийдвэрлүүлэх хүсэлтээ дахин илэрхийллээ.  

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,

-Улс орны эдийн засгаас шалтгаалж иргэдийн цалин хөлсийг сүүлийн гурван жил гаруй хугацаанд нэмэгдүүлээгүйгээс иргэдийн амьдрал хүндэрсэн, ядуурал ч нэмэгдсэн. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд татвар, шимтгэлийн хэмжээг нэмсэн энэ үед иргэд, хөдөлмөрчдийн бухимдлыг нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргаж болохгүй. Автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэхэд шууд иргэдийн халаасанд нөлөөлөх учраас үнийг тотвортой байлгах, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. МҮЭ-ийн холбоо түүний  гишүүн байгууллагууд, гишүүд үнэ нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,

-ҮЭ-ийн байгууллагын хэлж байгаа нөхцөл байдал үнэхээр нийгэмд үүссэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр шатахууны үнэ Монголд өсөөд байдаг хэрнээ буурахаар шатахууны үнэ буурдаггүй. Шатахуун имфортлогч нараас үнийг нэмэгдүүлэх талаар хэлж байгаа санал нь хэр бодитой вэ, нэмэгдүүлэх шаардлага байгаа юм уу үгүй юм уу, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын саналыг гаргаж байна. Ажлын хэсгийн саналыг үндэслэн бодитойгоор асуудлуудаа дахин ярих хэрэгтэй гэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва,

-Шатахуун имфортлогч нар өөрсдөд тулгарсан асуудлыг хамгийн хялбар аргаар шийдвэрлэхээр зорьж байна. Үнэ нэмэхэд амархан. Нэмэгдсэний дараа нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Тиймээс жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар өөр нөөц бололцоогоо шавхан ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ зөвлөлд орж, хамтарсан шийдвэрийг гаргаж л байгаа бол гарсан шийдвэрүүдийг нефт имфортлогч нар дагах ёстой гэсэн бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар,

-ҮЭ-ийн байгууллага, Шударга өрсөлдөөний газрынхны хэлээд байгаа үнэн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ нэмэгдвэл нийгэм тэр аяараа босно. Тиймээс шатахууны жижиглэн худалдааны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар бусад нөөц боломжоороо шийдвэрлэж, үнэ нэмэхгүй байх бүх л арга хэмжээг авах нь зүйтэй.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, санал дууссанаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн гаргасан горимын саналын дагуу тус зөвлөлд орсон байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулан шатахууны үнийг нэмэгдүүлэх үндэслэл, цаашид үнийн тогтвортой байлгах санал боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг байгуулах асуудлаар санал хураалт болов. Хамтарсан үнийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр шуурхай ажлын хэсэг байгуулагдахаар тогтлоо.

Хурлын сүүлд хурал даргалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэлэхдээ,

-Ажлын хэсэг ажиллах хугацаанд шатахуун имфортлогч нар хэрэглээ хязгаарласан, үнэ нэмэгдүүлсэн аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа. 

Write comment (0 Сэтгэгдэл)

Тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбоо нэгдсэн байр сууриа илэрхийлэв

01-04 tatvar tetgeveriin asuudlaarМҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн  2.4, 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон билээ.

Нэмэлт хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж хувь хүний орлогын албан татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт үнэлгээ хийж үр дүнг УИХ-д танилцуулж улмаар хууль тогтоомжид холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшлийн талууд яаралтай хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар тус холбооны санал байр суурийг Засгийн газарт хандан удаа дараа хүргүүлсэн. 

Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй удааширч, ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эрс эсэргүүцэж нийгэмд тогтворгүй байдал үүсч болзошгүй байна. 

Иймд МҮЭ-ийн холбооны зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж.

УИХ-ын дарга М.Энхболдод хандсан мэдэгдэлд, Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дах заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлыг УИХ-аар дахин хэлэлцүүлж, хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах шаардлагатай байгааг мэдэгдэж байна. Мэдэгдлийн хариуг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг хүссэн байна.

Харин Засгийн газарт хандсан шаардлагад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр болон Нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн харж холбогдох арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны дотор хэрэгжүүлэхийг шаардаж байна.Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлж холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжих болохоо МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын зүгээс мэдэгдэж байна. 

01-04 shaardlaga

01-04 medegdel

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Г.Адъяа: Тогтвортой хөгжлийн үндэс нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн зохистой тэнцэл байх ёстой

12-21 adiya darga“Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймагт болсон хойд бүсийн Хөдөлмөрийн чуулган уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяатай ярилцлаа.

-Саяхан Дархан-Уул аймагт Хойд бүсийн таван аймгийн Хөдөлмөрийн чуулган “Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдвээр болж өнгөрлөө. Чуулган дээр ярилцсан гол асуудал маань хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар нийгмийн түншүүд аймаг, сумын хэмжээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай байсан. Энэ талаар танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо уг хөдөлмөрийн чуулганыг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулахад онцгой анхаарсныг юуны өмнө тэмдэглэн хэлмээр байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн төр, ҮЭ, ажил олгогчдын төлөөллүүд чуулганд илтгэл, мэдээлэл тавьж мөн сайн туршлага, ажлын арга барилаа ажил хэрэгчээр солилцлоо. Дархан-Уул аймгийн Дулааны станц, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн хөдөлмөрийн сайн туршлага, хөдөлмөрийн харилцаа-нийгмийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй ажилтай бусад аймгийн зочид танилцсан ба өндөр сэтгэгдэлтэй байгаа нь харагдсан.

-Сайн туршлага, арга барилын талаар илүү тодруулбал?

-Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын хийсэн мэдээллээс үзвэл тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд аймаг орон нутагтаа хамтран хяналт тавих, аймаг, сумдын хөдөлмөрийн чиглэлээр 3 талт бүтцүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, энэ хүрээнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн арга барил хуримтлуулж байгаа нь харагдсан. Энд мэдээж тус аймгийн ҮЭ-ийн байгууллагын санаачлагч байр суурь, нийгмийн түншүүдтэйгээ ажил хэрэгч, хуулийн хүрээнд хамтран ажиллах арга барил нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудад ч 3 талын түншлэл хөгжиж байна. Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны санаачилгаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх асуудлаар Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын шийдвэр гаргуулсан нь чухал бодлого болжээ.

Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны идэвхтэй оролцоотойгоор аймгийн хэмжээнд жижиг, дунд 1200 гаруй аж ахуйн нэгжийн цалингийн үзлэг, судалгаа хийж орон нутагтаа ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо нь хөдөлмөрийн болон ХАБЭА-н асуудлаар сургалт, семинарыг 3 талын оролцоотойгоор зохион байгуулах, хяналт явуулах чиглэлээр сайн туршлага хуримтлуулж байна. Дарханы ҮЭ-ийн холбоо аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг идэвхтэй явуулж байна.

Булган аймгийн ҮЭ-ийн холбоо нь мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, сургах чиглэлээр нийгмийн түншүүдтэйгээ хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ер нь, өнөөдөр бид хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр бодлого боловсруулах, үйл ажиллагаа явуулахдаа “Зохистой хөдөлмөр эрхлэлт” гэсэн тогтвортой хөгжлийн шинэ загварын гол цөм асуудалд иж бүрнээр анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, манай аймаг, сумдад нийгмийн түншлэлтэй үйл ажиллагааны үр дүнд хэдэн компани, байгууллагад зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрууд буй болов гэдэг нь өнөөгийн хамгийн чухал асуудал. Хөдөлмөр эрхлэлтийн хүрээн дэх нийгмийн түншүүдийн гол бодлого, зорилт, үйл ажиллагаа ч энд төвлөрөх ёстой. Энд ҮЭ-үүдийн манлайлагч, санаачлагч бас шаардагч идэвхтэй байр суурь чухлыг олон улсын ҮЭ-үүдийн туршлага харуулж байна.

-Ер нь “нийгмийн түншлэл” гэдгийг энгийнээр тодорхойлбол?

-Тогтвортой хөгжлийн үндэс нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн зохистой тэнцэл байх ёстойг эрдэмтэд, судлаачид онцлох болсон.

Улс орон тогтвортой хөгжилд хүрэх нэг гол тулгуур асуудал нь зохистой хөдөлмөр эрхлэлтийг үндэсний хэмжээнд буй болгохын төлөөх нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа юм. Монгол Улсын Их хурал 2015 онд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 8 дах нь Зохистой хөдөлмөр юм. Зохистой хөдөлмөрийн нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн өргөн оролцоог хангах асуудал буюу нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт болохыг ОУХБ-аас тодорхойлсон билээ.

Товчоор хэлбэл, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудын эрхзүйн зохицуулалтад нийгмийн түншлэлийн систем буюу гурван түншийн /эндээс уг нэр гаралтай/ харилцан ажиллагааг тодорхойлдог гурван талт механизм ихээхэн ач холбогдолтой.

Хөдөлмөрийн хүрээн дэх нийгмийн түншлэл гэдэг нь ажилтнууд болон ажил олгогчид тэдгээрийн төлөөллийн байгууллагууд /ҮЭ, ажил олгогчдын холбоод/, мөн төр засгийн байгууллагуудын хооронд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, эдгээртэй шууд холбоо бүхий хууль эрхзүй, нийгмийн асуудлуудаар ажилтан, ажил олгогчдын эрх ашгийн зөвшилцөл, тэнцвэрийг хангахад чиглэсэн харилцааны тогтолцоог ойлгодог гэж хэлж болно.

Энэхүү нийгмийн түншлэлийн зарчим, үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэж орсон олон улсын хууль /ОУХБ-ын конвенц гэх мэт/, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, холбогдох бусад тогтоол шийдвэрүүдээр зохицуулагдан хэрэгждэг.

-Зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөгжлийн явцыг ямар шалгуур үзүүлэлтээр хэмждэг юм бэ?

-Үндэсний Статистикийн хорооноос ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа MNG 102 хөтөлбөрийн хүрээнд 2017 оны эхнээс Тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурласан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг боловсруулах, хянах, тайлагнах үндэсний статистикийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдлыг 28 үзүүлэлтээр дүгнэж мэдээлнэ. Энэ чиглэлээр нийгмийн түншүүд болон ҮЭ-ийн бүх байгууллага, ажилтан сонгуультнуудыг сургаж бэлтгэх шаардлага тулгарч байна.

Цаашид нийгмийн түншүүд үндэсний болон аймаг, нийслэл, салбарын хэмжээнд нийгмийн түншлэлээр шилдэг аймаг, сумд, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байх хэрэгтэй байна.

-Хөдөлмөрийн чуулганы талаарх таны сэтгэгдэл?

-Хөдөлмөрийн чуулган дөрвөн бүсэд зохион байгуулагдлаа. Эдийн засгийн хямралтай ч гэсэн МУ-ын Засгийн газар санхүү хөрөнгийн хувьд ҮЭ, ажил олгогчдын байгууллагуудтай хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тохирсны дагуу Хөдөлмөрийн чуулганыг зохион байгууллаа. МҮЭ-үүд, Ажил олгогч эздийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцлоо. Бүс нутгийн 3 талууд идэвхтэй оролцсон. Засгийн газрын тал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүсийн чуулганд оролцож хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаарх орон нутгийн төлөөллүүдийн санал бодлыг сонсох боломжоо алдсанд харамсаж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт болсон хойд бүсийн чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцоогүйд харамсаж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг бол монголын аж үйлдвэр, ХАА, газар тариалангийн гол бүс, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн өвөрмөц онцлогтой бүс нутаг. Хойд бүсийн аймгуудад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийн дээр дурдсан олон сайн туршлага байсны зэрэгцээ бас шийдвэрлэвэл зохих олон тулгамдсан асуудал, мөн төрийн бодлогоор зохицуулах, төсвийн хүрээнд шийдэх хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд анхаарвал зохих чухал чухал саналууд чуулганд оролцогчдоос гарсныг хэлэх хэрэгтэй. Эдгээр саналуудыг Үндэсний чуулганы хүрээнд бид оруулж зохих шийдвэр гаргуулахын төлөө ажиллах болно.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийн талаарх Хойд бүсийн 5 аймгийн ажлын сайн туршлага, арга барилыг олон нийтэд хүргэх буянтай үйлсээ МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сонин гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сонин нийгмийн түншлэлийн төлөөх Мөнхийн сонин байх болтугай.

Ингээд 2018 оныг МҮЭ-үүд Тогтвортой хөгжил, Зохистой хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн төлөө Төр, Ажил олгогчид, ҮЭ-үүд идэвхтэй хамтран ажилласан, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн сайхан он жил болгохын төлөө ажиллах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

497641
ӨнөөдөрӨнөөдөр750
ӨчигдөрӨчигдөр738
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6064
Энэ сардЭнэ сард25989
НийтНийт497641