www.ctmu.mn

МҮЭ- ИЙН ХОЛБООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • PDF

1928_on_bugd_hural         Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан. МҮЭ анх үүссэн цагаасаа өөрийн гишүүд, нийт хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө гуйвалтгүй тэмцэж иржээ.

        Үйлдвэрчний эвлэл анх үүсэхдээ Худалдаа -үйлдвэрийн албан хаагчдын эвлэл, Улсын албан хаагчдын эвлэл, Тээх нэвтрүүлэхийн товчоо эвлэл, Эмнэлэг ариун цэвэр, хөдөлмөрийн эвлэлүүдийн 3312 гишүүдтэй байсан бол одоо орон нутгийн 22, Мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоог нэгтгэсэн 200 мянга гаруй гишүүдээр эгнээгээ өргөтгөж үйл ажиллагаагаа явуулж байна.

        МҮЭ-ийн анхны дүрэм 1936 онд "Аймаг, хотын товчоод ба үндсэн үүр, төлөөлөгчийн дүрэм" нэртэй зохиогдсоноос хойш удаа дараа шинэчлэгдсээр ирсэн байна.

        МҮЭ-ийн чиг үүрэг үйл ажиллага нь анх байгуулагдахаасаа төрөөс баталсан зохих журам, заавар нам засгийн тогтоол шийдвэрээр зохицуулагдаж ирсэн байна. Үйлдвэрчний эвлэл үүсэн хөгжих эхний үед МАХН Үйлдвэрчний эвлэлийн дотоод хэрэгт шууд оролцох, хэт зааварчлах оролдлого хааяа гардаг байв. Тухайлбал, салбарын ҮЭ-ийн байгууллагуудыг татан буулгах, дахин байгуулах, боловсон хүчнийг томилох, халах, орон тоо төсвийг хянадаг байв.

1929 оны МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Засгийн газрын ба эдийн засгийн зөвлөлийн хуралд ҮЭ-ийн төлөөлөгч оролцож үйлдвэрчинд холбогдолтой асуудал хэлэлцэхэд зөвлөх эрхтэй болсон байна. Үүнээс хойш үйлдвэрчний эвлэлийн гишүүд , удирдах ажилтнууд төр захиргааны бүх түвшний хурлуудад ҮЭ-ийг төлөөлөн оролцож хууль тогтоомж батлан гаргахад оролцож иржээ.

МҮЭ-ийн эрхийн тухай хуулийг Улсын Бага Хурал 1991 онд баталж гаргасан нь ард иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Хуулийн төслийг үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудын хамтын оюун ухаанаар бүтээсэн бөгөөд Улсын Бага Хуралд Улсын бага хурлын гишүүн С.Чулуунбаатар ажилласан. 1991 оныг хүртэл ҮЭ хууль санаачлах эрхтэй байсан бөгөөд тус онд батлагдсан Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар хууль санаачлана гэсэн нь Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрчдийн төлөөллийг орхигдуулсан явдал юм.

МҮЭ-ийн дарга байсан Ц.Дамбадорж, Б.Баяр, Ж.Лхүмбэ, Д.Яндаг, Н.Элээ, Б.Баасанжав нар 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж амь насаа алдсан байна. Хэдийгээр амь насаа харамсалтайгаар алдсан ч тэдний нэр Монголын үйлдвэрчний эвлэлийн түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.

1930-аад онд "Ударинкчууд"-ын /гавшгайчууд/ хөдөлгөөн өрнөж Үйлдвэрчний эвлэл идэвхитэй оролцсон нь улс орны амьдралд түүний эзлэх байр суурь, гүйцэтгэх роль, үүргийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Энэ үед ҮЭ-ийн үйл ажиллагаанд "Хамтын гэрээ", "Үйлдвэрлэлийн зөвлөлгөөн" зэрэг ажлын шинэ арга хэлбэр нэвтэрч эхэлсэн байна.

1934 онд Хөдөлмөрийн шинэ хууль батлагдан ажилчин албан хаагчдын ажлын цаг, амралт, цалин хөлсний асуудал, нийгмийн даатгалын талаар шинэ журмыг тогтоосон нь хөдөлмөрийн хуулийн биелэлтэнд хяналт тавих үйлдэрчний эвлэлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн юм. Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн гэрээг "Хүчин үнэлэхүйн гэрээ", хамтын гэрээг "Нийгмийн гэрээ" хэмээн томъёолж байжээ. Зах зээлийн баримжаатай, өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед ч хамтын гэрээ гурван талт хэлцлийн хэлбэрээр үйлдвэрчний эвлэлийн ажилд хэрэглэгдсээр байна.

Монголын үйлдвэрчний эвлэл 1940-өөд оны эхэн үе буюу Дэлхийн II дайны жилүүдэд "Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө" уриан дор өөрийн гишүүд төдийгүй бүх нийтийг хийж бүтээх, зөвлөлтийн улаан армид туслах ажилд уриалан дуудаж манлайлан ажиллаж байв.

Хүн хөдөлмөрлөхийн зэрэгцээ амарч сувилуулах, бие бялдараа хөгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байх ёстой гэсэн үзэл санааны үүднээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага амралт сувиллыг бий болгох, түүний үйлчилгээг сайжруулахад ихээхэн анхаарах болсон. МҮЭ-ийн төв зөвлөл 1940-1945 онд Сэлбэ, Сонгино, Хондын амралтыг барьж байгуулан ашиглаж эхэлсэн. Үүний дараа Уу-булан дахь пионерийн зуслан, Хужирт, Комбинатын рашаан сувиллуудыг хариуцан ажиллаж байв.

1980-аад онд Оргил, Хужирт, Жанчивлан, Шаргалжуут, Хараа, Гурван нуур, Сөгнөгөр, Тэрэлж зэрэг томоохон амралт сувиллыг өргөтгөж аймаг, хот бүрт амралтын газар, пионерийн зуслан ажиллуулах зэргээр амралт сувиллын материаллаг баазыг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байв. Гэвч хөдөлмөрчдийн нийгмийн даатгал, амралт, сувиллын үйлчилгээг МҮЭ-ийн харъяаллаас гаргаж, төрийн мэдэлд шилжүүснээр энэ зорилт хэрэгжих боломжгүй болсон.

1940-1950-иад оны үед үйлдвэрчний эвлэлийн гадаад харилцаа улам өргөжих хандлагатай болж, олон улсын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнд идэвхитэй оролцох болжээ. 1994 онд МҮЭ-ийн холбоо дэлхийн 135 орны 127 сая хөдөлмөрчдийг нэгтгэсэн Олон улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд гишүүнээр элссэн юм.

1971_X_ih_hurald_bayar_hurgeye

1950-иад оны сүүлчээс 1990 он хүртэл хугацаанд Монголын эдийн засаг, нийгэм, соёлын бүх салбарт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байв. Нийгмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ҮЭ-ээс тэргүүн туршлага, шинэ санаачлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлж нийтийн хүртээл болгох зорилгоор тэнд ажиллагсадын дунд уралдаан санаачлан зохион байгуулж байв.

1966_ev_negdliin_tsuglaan

Үйлдвэрчний эвлэлийн санаачлага, зардлаар хөдөлмөрийн тэргүүний хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнуулах, гадаад, дотоодын амралт, аялал жуулчлалд явуулах, салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төрөл бүрийн шагналаар шагнуулах зэрэг олон хэлбэр ашиглаж байжээ.

ҮЭ-ийн нэг чиг үүрэг бол ажилчин, албан хаагчид, гишүүдийнхээ дотор явуулдаг соёл-гэгээрлийн ажил байв. МҮЭ Үйлдвэр, САА, тээвэр, холбоо, барилга, худалдаа үйлчилгээний газруудын дэргэдэх ажилчдын соёлын ордон, клубуудыг хариуцан ажиллахын зэрэгцээ ажилчин хүний хөдөлмөр бүтээл, ёс суртахууны нандин чанарыг тод томруун харуулсан шилдэг бүтээл туурвисан зарим хөгжмийн зохиолч, найрагч, уран зураачид МҮЭ-ийн шагнал олгож байв.

1970-аад оны дунд үеэс эхлэн ҮЭ төрийн холбогдох байгууллагуудтай хамтран материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсадын хөдөлмөрийн нормчлол, ажлын тариф, цалин хөлстэй холбогдсон нилээд дүрэм журмыг шинэчилсэн байна.

1977 онд МҮЭ-ийн 50 жилийн ой тохиосон бөгөөд Улс орны эдийн засаг, нийгэм, соёлын гүнзгий өөрчлөлтийг хэрэгжүүлэх, ялангуяа хөдөлмөрчдийн ажил, аж байдлын гол асуудлыг шийдвэрлэхэд МҮЭ-ийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг төрөөс үнэлж, түүнийг "Сүхбаатарын одон"-гоор шагнажээ.

МҮЭ-ийн ээлжит бус XIV их хурал 1990 оны 6-р сард хуралдаж Монголын үйлдвэрчний эвлэлийг МҮЭ-үүдийн холбоо болгон зохион байгуулсан. Энэ онд МҮЭ олон жил харъяалж байсан улсын нийгмийн даатгал, амралт, сувилал, хөдөлмөр хамгааллын техникийн хяналт, соёлын ордон, клуб зэргийг төр засгийн мэдэлд шилжүүлэн авсан байна.

МҮЭ-ийн XV их хурал 1992 онд хуралдсан. Их хурал МҮЭ-үүдийн нийтлэг дүрмийг шинээр баталсан бөгөөд МҮЭ-үүдийн холбоог ерөнхийлөгчийн удирдлагын бүтэцтэй болгох, ерөнхийлөгчийг их хурлаас нууцаар сонгож байх, Холбооны төв зөвлөлийг Ерөнхий зөвлөл хэмээн нэрлэх зэрэг өөрчлөлтүүд орсон. МҮЭ-ийн холбооны анхны ерөнхийлөгчөөр Г.Адъяа сонгогдсон юм.


Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 27, Мягмар гариг, 16:39

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1-р хороо, Бага тойруу /15160/, Сүхбаатарын талбай-7

И-мэйл: info@cmtu.mn

Утас:  70112128,   70125857,    70127440

Хууль зүйн төв: 70119989, 1292

Факс: 70112128

  

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterЭнэ сард :10854
mod_vvisit_counterНийт хандалт :180845

Одоо үзэж буй: 4